Миний автын түүх ч богинохооон. Бага байхад хувийн машинтай хүн ч цөөхөн манай хамаатнуудад ч машинтай хүн байхгүй автобусны ард зогсож донсолгоотой давхихад нь баясдаг байж билээ. Харин манай хамаатны эгч Германаас машин оруулж ирдэг залуутай сууж анх барууны машинтай танилцаж байлаа. Анх манайхны хэлж заншснаар Бенз 190тэй манай байрны гадаа ирээд машиныг угаах нэртэй сууж баясдаг байлаа. Кинон дээр гардаг шиг дотроо утастай, дээрээ люктэй, сууж үзсэн хамгийн гоё машин Лада 07, Волга 2410 гэж төсөөлж байснаас цаашгүй хүүхдэд чинь тэр Бенз зүгээр л тэнгэрийн унаа мэт санагдаж байж билээ. Тэр ахын буяанаар ч Герман машинуудад ч сууж үзсээн үзсэн.
Машиныг анх Цамбагаравын урд талын автобусны буудал дээр байдаг авто засварт 7 ангийнхаа зуны амралтаар ажиллаж байхдаа хөдөлгөж үзэж байлаа. Тэнд ч түлхүүр, багаж, тамхинд гүйдэг л туслах хийсээн.

Засвар дээр яг ийм тас хар Тоёота Селика ирээд засварт байхад нь эзэн ах хүү нь барихад нь анх удаа спорт машинд суугаад хөөрч үзэв. Гэрэл нь хураагддаг, хар савхин суудал гээл ангайж байлаа шд.
Тэр жил нь манай хамаатны ах өвгөн Бенз 280тай болоход их урт машин санагдаж билээ. Цаана л нэг сүрлэг төрхтэй санагдаж байж билээ. Ах маань их ухдаг байж билээ.

10-р ангид ордог жил манай ангийн бандийн ээж нь Ниссан блюбөрдтэй болоод шөнийн амьдралтай болж билээ.

Орой болгон гарашдаа тавина гэж машиныхаа түлхүүрийг авч гараад шөнөжингөө дэмий тэнэж охидуудаас бензины мөнгө гуйж бензин хийлгээд л.... Нэг өдөр үнэмлэхгүй хүүхдүүд цагдаад баригдаж бид зугаалга дууссан даа.
Их сургуульд дөнгөж ороод жолоонд сууж үнэмлэхээ аваад хамаатнуудынхаа морин жолооч хийх дуртай байлаа. Тэр ч тэгээд тоотой л байсоон. Ажилд ороод жилийн дараа цалингийн зээлээр өөрийн гэсэн тодотголтой хамгийн анхны машинаа авах болов. Ээжээсээ 500к нэмэрлээд 3сая 600тай нэг найзтайгаа цуг Да хүрээ гараваа. Дөнгөж үүдээр нь ороод нэг 90 кузовтой Креста нүдэнд тусаад үнийг асуутал 3,8 сая л гэж байна тэгээд л өөр машин үзсэн ч гүй 3,5саяд өгчих гээд шалсаар байгаад авлаа.
Яг ийм л амьтан зогсож байсан. Машин авчихаад нэг хэсэг өөртөө итгэхгүй тээнэглэзэж билээ. Өвөл авсан болохоор болохоор гэрийнхээ гадаа тавиад хонуулаад маргааш маадгар амьтан гарч ирээд асаах гэтэл асдаггүй. Гайхаал нэлээд дарлаа байдаггүй, эвдэрхий юм авчихсан юм биш байгаа гэж бодоод найз руугаа залгаад хүлээвээ. Найз маань ирээд дарж үзээд акк чинь суучихсан байна гээд холбоод асааж билээ. Акк суусныг ч мэддэггүй амьтан байгаа юм чинь :p
Тэгээд шинэ акк аваад асуудалгүй дулаантай золгов. Гэтэл зогсож байгаад явахаар зогссон газар тосны толбо үлдээд байдаг болов. Засвар ортол хүйсний тагаараа алдаад байна солиул гээд солиулаад хэсэг зүгээр явж байгаад буцаад шүүрээд эхлэв. Дахиад үзүүлтэл моторны тагны жийргээрээ алдаад байна гэж бас оношлоод тагны жийрэгний эрэлд гарч арай хийж нэгийг олоод солиулаад ч зүгээр болсонгүй. Асуулт форумаас асуутал Хүч дээр үзүүл гээд тэнд очоод үзүүлтэл буруу буруу тагны жийрэг тавьчихсан байна задаргаанаас зөвийг олоод ир гээд Да хүрээгээр өдөржингөө явж задаргаанаас нэгийг олж тавиулсан. Тэгээд арай гайгүй болсон доо. 1 сарын дотор 3 удаа моторын тосоо солиулж билээ.
Тэр зун нэг газраар орчихоод хөдлөх гэтэл явдаггүй худлаа хааз авахаас биш урагшаа ч гүй, хойшоо чгүй. Гараад мэддэг юм шиг копудаа сөхөөд хартал доошоо нил тос асгарсан байв. За ингээд касчер гэдэг юмаа хагалцан юм биш байгаа гэж бодоод нөгөө ганц машин мэддэг найз руугаа залгатал ойр явж байж таараад хүрээд ирэв. Нэлээд үзээд байгаад радиаторын доохонд хропны буцахын шланк сугарчихсан байж. Шланкаа буцааж хийгээд засвар луу чирүүлж очоод шүбээр хуучин тос хийлгээд явдаг болсон. Креста минь ч энэнээс бусдаар өөр юм хийлгээгүй ээ хөөрхий минь.

