Toyota Crown машины үүх түүхээс ярьвал урт яриа болно. Тиймээс товчхон бичье. Crown буюу Титэм нэртэй энэ төмөр хүлэг бол будааны орны инженерийн сэтгэлгээний нэрийн хуудас болсон бүтээл юм. Японы автомашин үйлдвэрлэгчдийн нэг албан ёсны биш философи байдаг нь "хамгийн сайныг япондоо" буюу үйлдвэрлэж болох хамгийн чанартай бүтээлүүдээ дотоодын зах зээлдээ гаргадгийн нэг жишээ нь энэ машин юм. 1955 онд анхны загварыг гарган 1971 онд хүртэл америкий зах зэлд өрсөлдөж байсан түүх байдаг. Түүний гол өрсөлдөгчид мэдээж бидний мэдхээр Nissan Fuga, Cedric, Honda Legend гэх мэт загварууд байдаг. Гэхдээ эрт урьдын түүх ярьж нуршиж байснаас шууд 11 дүгээр үеийн Crown буюу Toyota Crown Athlete V JZS171 загварын тухай бичлэгээ үргэлжлүүлье.
Toyota Crown Athlete V
Анх харахад "энгийн нэгэн" харагдана. Зэрвэсхэн хараад өнгөрөхөд түүний нүсэр том дөрвөлжин бүтэц, бага зэрэг жижигдсэн мэт харагдах дугуйн хэмжээ, салонд нь ороод суухад том хэмжээтэй жолооны хүрд, зөөлөн буйдан мэт суудлууд, цэлийсэн том цонх, маш том дөрвөлжин их гэрэл, арын гэрэл ч ялгаагүй маш том харагдана. Энэ бүхэн нь нийлхээрээ нэг л хоцрогдсон загвар мэт харагддаг. Эдгээрийг хэнд зориулж будааны орны инженерүүд бүтээсэн байх вэ?
Өдөржин суугаа ажил хийдэг, эсвэл нэр төртэй компанийн нэр хүндтэй ажил хийдэг карерист залуусд зориулсан мэт санагдаж байгаа биз? Даргадаа таалагдхын тулд, хааяа нэг даргыгаа суулгах завшаан тааралдуул зөөлөн тухтай зорчуулахаар санагдаж байгаа биз? Нэг талаас нь харвал JZS171 яг л ингэж харагдана. Будааны оронд бол компаний дунд шатны менежерийн түвшин буюу манайхаар бол хүний загнах хэмжээнд очсон хойноо түүнийг л сонгож унадаг гэх...
Тиймээ, Toyota Crown Athlete V бол ажил бизнестээ амжилт гарган өсөж яваа залуусын, өсөж дэвжихийг хүсэж байгаа залуусын хүсэл яах аргагүй мөн юм. Залуу хүн бүрт сайхан машин уначихаад, таалагддаг бүсгүйгээ суулгачихаад, үеийн залуусынхаа дэргэдүүр салхи татуулан давхиж явах мөрөөдөл байдаг. Түүний мөрөөдлийг Toyota Crown Athlete V бүрэн биелүүлнэ. Таалагддаг бүсгүй нь Toyota Crown Athlete V-д суусан бол тэр залууг өөр нүдээр харж, өөрөөр бодох болно. Тухтай зөөлөн явдал, сайн жолоодлого, хүрэх газар нь донсолгож сэгсчилгүйгээр мөн чих дөжрөм их яндангийн чимээ гаргахгүй хэрнээ хурдан хүргээд өгчихдөг тийм унаатай залууд ямар бүсгүй дургүй байхав дээ.
Түүний тав тухын талаар хэтэрхий их техник хэллэг ашиглахгүйгээр хамгийн энгийн байдлаар бичихэд ийм л байна. Харин одоо түүний хүчин чадлын талаар...
Яагаад Toyota Crown Athlete V гэж?
Дээр хэлсэнчлэн тэр бол маш эелдэг зөөлөн хэрнээ догшин адгуусны шинжийг агуулсан төмөр хүлэг юм. Түүний хамар дотор будааны орны залуусын одоо ч хэрэглэх дуртай 1JZ-GTE гэх хөдөлгүүр байдаг. Үүгээрээ тэр V буюу Victory гэх үгийн товчлолыг омог бардам зүүх эрхээ авсан. 2498 см куб эзэлхүүнтэй цуваа 6 цилиндр нь CT15B гэх турбин хүчлүүрийн хамт моторын 6500 мин/эргэлт дээр 280 морьний хүчийг 4 шатлалт автомат арааны хамт саадгүй гаргана. Гаднаасаа даруухан харагдах тэрээр гэрлэн дохион дээрээс хөдлөхдөө ижил ангиллын адил хөдөлгүүрийн багтаамж бүхий Nissan Cedric, Fuga, BMW 525 528, Mercedes Benz E230 280 гэх мэт суудлын машинуудыг төвөггүй "толиндоо харж" болно. Үүнийг л залуу хүн бүр хүсдэггүй гэж үү? 1JZ-GTE хөдөлгүүр 1600 кг жинтэй энэ машиныг 100 км/цагийн хурдыг авхуулахад ердөө л 6 сек гаруйхан хугацаа байхад хангалттай.
Toyota Crown Athlete V-г автоспорт сонирхдог залуус хэдийн таньдаг болжээ. Миний л хувьд гэхэд 2 Athlete V-ийн ард гарчихаад байгаа бөгөөд дахин Athlete V авахаас ч буцахгүйгээр түүнд дурласан байна. Зөөлөн тухтай, жентелмен имижтэй, хүчирхэг энэ машин маань сүүлийн жилүүдэд элбэгшиж байгаад тун баяртай байна. Сүүлийн үед залуусын өдөр тутмын хэрэглээ болоод байгаа Facebook сүлжээнд VIP CROWN CLUB, Athlete Club, Toyota Crown Group гэх мэт олон группүүд үүсэн бий болсон нь энэ машинд дурлагсдын тоо улам ихсэж буйг илтгэж байна.











