Post
by davaanaa » Wed Nov 07, 2012 12:42 pm
Иргэд санаа амрах бас л болоогүй дэг ээ. Нүүрсний үнийн асуудлыг шийдчихлээ гээд баярлаж ч амжаагүй байхад шатахууны үнэ зөрөөд нэмэгдчихлээ.
Саяхан шүү дээ, ерөөсөө хэлсэн үгнийх нь чимээ чихнээс арилж амжаагүй байтал нефть импортлогчид ийнхүү хэлсэн амнаасаа буцлаа. Газрын тосны бүтээгдэхүүн импортлох зөвшөөрөл бүхий 17 аж ахуйн нэгж манайд бий.
Тэд цөм хувьсгалын гэхээсээ илүү хувийн ашиг сонирхлын төлөө Засгийн газарт үгээ хэлж тэднийг Засгийн газар нь чих тавин сонсдог болоод удаж буй. Арга ч үгүй биз дээ. Хойд хөршөөс хараат энэ том зах зээлд тэд л жим гаргаж Монгол Улсын шатахууны “цангааг” газрын тосоор тайлж байгаагаас хойш. Нэгэнт Монгол Улс шатахуун үйлдвэрлэл, газрын тосны бүтээгдэхүүний хангалтыг дангаар хариуцах тухай ам ч нээхгүй байгаа ийм үед монополь цөөн газруудынхаа аманд багтахаас өөр яах билээ. Тиймдээ л өмнөх өдөр нь “Шатахууны үнэ нэмэгдэхгүй, бид гурван талт гэрээ хийсэн, иргэд шатахууны үнэд ч дарлуулахгүй, нүүрсний үнэд ч зоволтгүй” гээд л том дуугараад байсан эрхмүүд нөөцгүй болсон, Орос шатахууныхаа үнийг нэмсэн, хомсдолд орлоо... гэх мэт тайлбар хэлсээр үнээ нэмж хуваарилалт хийж эхэллээ.
Уг нь бол манай улсын шатахууны нийт хэрэглээ сар, улирлаасаа шалтгаалаад дунджаар 60-80 мянган тонн гэдгийг албаныхан хэлдэг юм билээ. Мөн зун, намар бүр л шатахууны хомсдол нүүрэлчихдэг манайхтай ОХУ-ын “Роснефть” компани урт хугацааны гэрээ байгуулсан гэгддэг. Амараа даргын үгийг буруу ойлгоогүй л бол урт хугацааны гэдэг нь ганц, хоёр сарын гэсэн үг биш л байлтай. Ингэхдээ хамгийн багадаа 10 мянган тонн автобензин, 30 мянган тонн дизель түлш нийлүүлэхээр заасан гэдэг юм билээ. Үүнийхээ дагуу ч тус компани сар тутамд 40 мянган тонн АИ- 92 автобензин нийлүүлдэг байна.
Энэ бол мэдээж хангалттай хэмжээ биш. Тиймээс манай нефть импортлогчид ОХУ-ын бусад компаниудтай ч харилцаатай. Хэдийгээр аравдугаар сард “Роснефть”-иэс Монголд нийлүүлсэн АИ-92 шатахууны үнэ тонн тутамдаа 44 ам.доллараар, харин энэ сард тонн тутамдаа 49 ам.доллараар нэмэгдэж ирсэн гэх тайлбарыг импортлогчид өгч байгаа ч Уул уурхайн яамны зүгээс “Шатахууны үнийг нэмэхгүй” гэсэн байр суурьтай хэвээр байгаа юм. Тиймээс ч өнөөх цөөн хэдэн компанийн толгойг илж, аманд нь багтахдаа Монголбанк, Уул уурхайн яамтай гэрээ байгуулаад, үнийг тогтвортой барихаар ажиллаж байгаагаа мэдэгдэж байсан.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Нөхцөл байдал ийм байгаа ч шатахуун импортлогч компаниудыг Засгийн газраас санал болгосон хөнгөлөлттэй зээлийн саналыг хүлээн авч, үнээ нэмэхгүй байх болов уу гэж найдаж байна. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ хямдарч байгаа. Манай нефьт импортлогчид нийлүүлэгч компаниа бусад орнуудад зарж байгаа шигээ Монголд хямд зарахыг шаардах үүрэгтэй” гэжээ. Тэгвэл зарим шатахуун түгээх станцууд өчигдөр ДТ, АИ-92, АИ-95 шатахуунаа худалдаанд гаргасангүй. Тухайлбал, “Петровис”, “Сод Монгол” компаниуд шатахуунаа худалдаагүй бол зарим шатахуун түгээх станцуудын гадна жолооч нарын урт дараалал үүссэн байлаа. Энэ тухайгаа “Петровис” компанийнхан “Нөөцгүй болсон. ОХУ-аас өндөр үнэтэй ирж байгаа шатахууныг авбал өмнөх сарынх шигээ алдагдалтай ажиллах болж байгаа учраас өндөр үнэтэй шатахууныг аваагүй байгаа.
Тиймээс худалдаанд гаргах нөөц шатахуунгүй болсон” гэсэн тайлбар өгөв. Харин “Сод Монгол” компанийн хувьд АИ92 бензинийг зөвхөн картаар олгож байна. “Магнай трейд” компаниас тодруулах гэсэн боловч “Энэ тухай мэдээлэл өгөх хүн алга” гэсэн юм. Бусад газруудад өнөөх газрын тосны жижиглэнгийн бүтээгдэхүүн нь ч “тасарсан” байв. Энэ тухай ШӨХТГ-ын дарга О.Магнай хэрвээ өрсөлдөөний тухай хууль зөрчин зохиомлоор хомсдол үүсгэсэн бол өнгөрсөн онд олсон борлуулалтын орлогын дөрөв хүртэлх хувиар торгоно гэсэн юм.
Юутай ч шатахууны хомсдолтой байгаа гэсэн шалтгаанаар иргэдийг шантаажилж байгаа шатахуун импортлогчдын газрын тосны бүтээгдэх үүнээ хадгалдаг “савыг” хэн уудлах вэ.
НАМАЙГ ХАЗСАН ШУМУУЛЫГ БИ АЛДАГГҮЙ. УЧИР НЬ ТҮҮНИЙ БИЕЭР МОНГОЛ ХҮНИЙ ЦУС ГҮЙЖ БАЙГАА.. XAXAXA
_____________________________________________________
Бид машинтай явахдаа явган зорчигчидыг зүхдэг бол явган явахдаа жолооч нарыг хараадаг бөлгөө.